|
Байгаль орчин, аялал жуулчлалын Сайд Л.Гансүх Иргэний нийгмийн байгууллагуудад хандан захидал илгээв |
|
|
|
Хамтдаа бол улам хүчтэй - Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал нь дан ганц Засгийн газрын аль эсвэл НҮБ зэрэг олон улсын байгууллагуудын ажлын хүрээгээр хязгаарлагдах асуудал биш юм. Энэ бол хүн төрөлхтний нийтлэг эрх ашигтай холбоотой, хүний амьдрах эрхийг хөндсөн глобал асуудал. Тиймээс тогтвортой урт хугацааны сайн сайхан амьдралын төлөө, хүрээлэн буй орчны аюулгүй тайван, эрсдэлгүй нөхцөлийн төлөө, хөгжил дэвшил, ирээдүйн төлөө төр засаг, иргэд, иргэний нийгмийн байгууллагууд бүх талаар хамтран ажиллахыг цаг үе биднээс шаардаж байна.
- НҮБ-ийн байгууллагууд дэлхий дахины глобал асуудлуудыг шийдвэрлэх талаар иргэний нийгмийн байгууллагуудыг өөрийн үйл ажиллагаандаа өргөнөөр татан оролцуулдаг практик тогтож, үр ашигтай хамтын ажиллагааны хэлбэр аль хэдийн бий болсон билээ.
Тэгвэл бид юу хийж чадах вэ? Юунаас эхлэх вэ?
Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлын эсрэг байгаль орчноо хамгаалах чиглэлээр дараах байдлаар хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэн хөгжүүлье. Үүнд: - Төрийн зарим үүргийг иргэний нийгмийн байгууллагуудад шилжүүлэх замаар хамтын ажиллагааг бэхжүүлье,
- Ойжуулах, мод тарих зэрэг ажлуудыг иргэдийн оролцоонд тулгуурлан зохион байгуулж, тарьсан мод бүрийг арчлан тордож ургуулдаг болох хөдөлгөөнийг хот суурин, албан байгууллага, айл өрхийн дунд өрнүүлье,
- Бүх нийтийг экологийн боловсролтой болгох ажлыг боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллагуудтай хамтран зохион байгуулъя,
- Усаа хайрлах, хамгаалах чиглэлээр бүх төрийн бус байгууллагууд хамтран ажиллаж, төр, иргэд олон нийт, бизнесийн бүхий л салбарт дуу хоолойгоо хүргэе,
- Иргэдийн буруу зан үйл, илүүдэл үр ашиггүй хэрэглээг бууруулахад нөлөөлөх замаар нөөцийн зарцуулалтыг аль болох хэмнэлттэй, үр ашигтай болгож, хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах ажлыг эрчимжүүлье,
- Их хотын цэвэр цэмцгэр байдал, замын хөдөлгөөнд оролцож буй иргэдийн соёлыг дээшлүүлэхэд санаачилгатай ажиллаж, орчны бохирдлыг багасгахад идэвхтэй ажиллацгаая,
- Гэр хорооллыг орон сууцжуулах замаар нийслэл хотоо хөгжүүлэхэд иргэдийг уриалж, тэдний аж амьдрал, амьдрах орчныг сайжруулахад Та бүхний оролцоо нэн чухал байна.
Төр нь төмөр нүүртэй гэж гэдийхгүй, иргэд нь бэлэнчилж хүлээхгүй, иргэний нийгмийн байгууллагууд нь бие даасан хараат бус гэж «ганцаарчилсан тоглолт явуулах»-аас илүүтэйгээр энэ цаг үеэс эхлэн эх дэлхийнхээ төлөө, эх орныхоо онгон байгалийн төлөө, ирээдүй хойч үеийнхээ сайн сайхны төлөө БИД хамтдаа тэмцэцгээе!
Бид хамтдаа бол илүү үр бүтээлтэй
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн Газрын гишүүн Байгаль орчин, аялал жуулчлалын Сайд Л.Гансүх |