Манлайлагчдын үзэл бодол: Монгол улс чанартай цөөн малтай байж бэлчээрээ хамгаална.

Мокоро байгууллагын практик, үйл ажиллагаанд суурилсан урт хугацааны стратеги баримтлан гүйцэтгэж буй Эмэгтэйчүүдийн газар эдэлбэрийн эрхийн баталгаат байдал (ЭГЭЭББ) судалгааны төсөл нь “Монгол болон Танзани улсад эмэгтэйчүүдийн газар эдэлбэрийн аюулгүй байдалд учруулах аюулыг судлах” судалгааны арга зүйг туршиж байгаа юм. Энэхүү хүрээнд эмэгтэйчүүдийн газар эдэлбэрийн баталгаат байдал төслийн манлайлагчдын сургалтад хамрагдсан хүмүүсийн бодол сэтгэгдлийг та бүхэндээ цувралаар хүргэх гэж байна.

“ЭГЭЭББ төслийн манлайлагчдын үзэл бодол” цуврал блог нь манлайлагч нар төслийн сургалтад хамрагдсанаар орон нутагтаа оролцоог хангасан, жендерийн мэдрэмжтэй газар эдэлбэрийн засаглалыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулан ажиллаж буй талаар өгүүлэх юм.

Манлайлагч Г.Одгэрэл:

Би говь нутагтаа 30 жил мал маллаж бусад малчдын  адил бэлчээр л сайн бол манай мал сайн байна гэж боддог. Гэвч сүүлийн жилүүдэд бэлчээрийн доройтол, талхагдал үнэхээр ихсэж байна. Энд мэдээж уул уурхайн сөрөг нөлөө их байгаа ч малын тоо толгой нэмэгдсэнтэй шууд холбоотой асуудал гэж малчин хүний хувьд хардаг. Хэдийгээр олон малтай байх нь орлогыг ихэсгэх ч гэсэн урт хугацаандаа бэлчээрийг улам муутган доройтуулж, дахин сэргээгдэхгүй талхлах эрсдэлтэй. Иймээс малчид бид энэ хэв маягаа өнөөдрөөс л өөрчлөхгүй бол ойрын ирээдүйд мал идэх өвсгүй болж малчин байхаа болих үе ойрхон байна.  

Бид хэдийгээр малын тоо толгойг бууруулж өөрчлөх хэрэгтэй гэдгээ мэдэж байгаа ч хэрхэн хийх вэ гэдгийг бодож тунгаах хэрэгтэй. Манай гэр бүл өндөр ашиг шимтэй сүрэг бий болгохоор шийдэн хичээж эхэлсэн. Ашиг шим багатай 20 үнээ байснаас 10 сүү сайтай үнээтэй байсан нь хавьгүй илүү байна. Энэ нь манай эхнэрийн сааль сүүний ажлыг хөнгөвчлөхөөс гадна өрхийн орлогыг нэмэгдүүлэх цаашлаад хамгийн чухал нь бэлчээрт сайнаар нөлөөлөх юм.  Тухайлбал малын тоо толгойгоо цөөрүүлээд зогсохгүй малын тэжээл тарихаар төлөвлөж байна. Бэлчээрийн доройтлыг бууруулах зорилгоор малчин хүн ч фермийн аж ахуй эрхлэх шаардлага гарч байна.

Бэлчээр доройтлын асуудалтай бусад малчдыг татан оролцуулж, хамтдаа хөдөлж, манлайлж  байж л үр дүнд хүрнэ. Үүнд миний бие газар болон жендерийн төслөөс гарсан манлайлагчийн хувьд их үүрэгтэй гэж боддог.

Хүн төвтэй байгаль хамгаалал байгууллагын хэрэгжүүлж буй ЭГЭЭББ төслийн хүрээнд зохион байгуулагдсан орон нутгийн манлайлагч нарт зориулсан сургалтад сонгогдон хамрагдсандаа би баяртай байгаа.   

ЭГЭЭББ төслөөс зохион байгуулсан сургалтаар дамжуулан мэдээлэлтэй болж, бусадтайгаа хамтран ажиллахад суралцаж, цаашлаад хариуцлагатай газар эдэлбэрийн засаглалыг орон нутагтаа хөгжүүлэх итгэлтэй болсон.  

Бэлчээр доройтлоос хамгаалахад цаг хугацаа шаардсан ажил хэдий ч аль болох хурдан хөдөлж, бэлчээрээ хамгаалж эхлэх хэрэгтэй байна.  Энэ бүхнийг хийх мэдлэг, чадвар бидэнд байгаа гэдэгт итгэлтэй байна.  

Г.Одгэрэл нь Дорноговь аймгийн Даланжаргалан сумын малчин хүн.  2020 оноос Хүн төвтэй байгаль хамгаалал байгууллагаас Мокоро олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй ЭГЭЭББ төслийн хүрээнд зохион байгуулагдсан орон нутгийн манлайлагч нарын газар болон жендерийн сургалтын хөтөлбөрт хамрагдсан.

Та бүхэн Мокоро олон улсын байгууллагын вэб сайтад 2022 оны 11-р сарын 30-ний өдөр нийтлэгдсэн энэхүү бичвэрийг уншихыг хүсвэл ЭНД дараарай.